Хэвлэн нийтлэх эрх чөлөө нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн нэг хэлбэр билээ. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө нь байгалиас заяасан шинж чанараараа төрөлхийн хүний мөн чанар, оршин буйн утга учир болдог тул аль улсын иргэн, харьяат байхаас үл хамааран заавал эдлэх эрх юм. Хэвлэн нийтлэх эрх нь иргэний эдлэх эрхээс гадна сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд илүүтэй хамаардаг ойлголт юм. Учир нь тэднийг мэдээлэлтэй байлгаж, өмнөөс нь эрх мэдэлд хяналт тавьдаг нийгмийн хоточ юм. Англиар media law гэж нэрлээд байгаа хэвлэл мэдээллийн эрх зүй гэдэг ойлголт, орчин манайд ерөнхийдөө бүрдсэн. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг сэтгүүл зүйн салбарын хууль мэтээр ярьдаг. Гэвч сэтгүүл зүй өөрөө мэдээлэл хайх, хүлээн авах, түгээхтэй холбоотой үйл ажиллагаа юм.